НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барилаа

2026-05-07 11:001min
20260507-110032-file.jpeg
Засгийн газар НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгож, одоогийн 2 хувийн буцаан олголтыг сэргээх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ нь төсвийн эх үүсвэрийн хүндрэлтэй холбоотой юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг 5 хувь байхаар хуульчилсан.

Уг өөрчлөлт энэ оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж, иргэд НӨАТ-ын 5 хувийг буцаан авах боломжтой болох байсан.

Гэвч Засгийн газар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлэхдээ НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн өргөн барьжээ.

Энэ төсөлд 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгож, одоогийнх шиг 2 хувийг буцаан олгох зохицуулалтыг сэргээхээр тусгасан байна.

Учир нь 5 хувийн буцаан олголтыг хэрэгжүүлбэл 2027 оны төсөвт 1.6 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болох бөгөөд энэ эх үүсвэрийг бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа тул ийм шийдвэр гаргажээ.

Хэрвээ УИХ дээрх хуулийг баталбал иргэд энэ оны сүүлийн улиралд НӨАТ-ын 5 хувийг буцаан авч, 2027 оноос дахин 2 хувийг буцаан авах зохицуулалт мөрдөгдөх юм.

Мөн Олон улсын валютын сангийн 2025 оны зөвлөлдөх хэлэлцүүлгээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг огцом нэмэгдүүлэх нь татварын орлогыг бууруулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.

Энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр дээрх хуулиудыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ эцэслэн батална.

Анх НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохыг 100 гаруй мянган иргэн дэмжиж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

2024 оны байдлаар НӨАТ нь нийт татварын 24 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд эдийн засагчид, зарим улстөрчид НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах нь татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг.

Гэвч Засгийн газар одоогоор 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.