Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна.
Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ руу явж суралцсан оюутан олон байдаг. Энэ жил гэхэд Унгар улсад 700 орчим оюутан сурахаар явах ажээ.
Гадаадад төгссөн оюутнууд буцаж ирээд ажлын байр олдохгүй байна гэсэн яриа байнга гардаг. Хоёр улсын Засгийн газрын түвшинд энэ асуудлаар сайтар ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр эрэлттэй байгаа чиглэлээр оюутнуудаа сургахаар болсон байна. Хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулж, дотооддоо ажлын байраа нэмэгдүүлж, сонгон шалгаруулалтаа хийж байгаа юм. Энэ үүднээс манай улс 2018 онд “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг” зохион байгуулж, 2000 төгсөгчийг ажлын байраар хангажээ.