Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар наймдугаар сарын 2-нд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болж буй АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын Сайд нарын 26-р хуралдаанд оролцлоо.
Хуралдааны үеэр тэрээр бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав. Үүний зэрэгцээ тус чуулга уулзалтын ирээдүйн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж үг хэлэв.
АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Эдүгээ бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын талаар хэлэлцдэг томоохон механизм болсныг онцлон тэмдэглэж, тус чуулга уулзалтын хүрээнд Зүүн хойд Азийн Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулахыг санал болгов.
Мөн дэлхий нийтийн өмнө тулгарч буй уламжлалт бус аюул занал, сорилтыг даван туулахад залуучуудын оролцоо чухал болохыг дурдаж, залуучуудын оролцоог идэвхжүүлэх үүднээс манай улсаас дэвшүүлсэн санаачилгуудыг танилцуулав.
Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Япон улсын Гадаад хэргийн сайд Таро Коно, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар, Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Винстон Питерс, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нартай тус тус уулзаж, хоёр орны болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцов.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ