Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад болон тэдний ар гэрийнхэнд хүргэв.
Тэрбээр сэтгүүлчдийг үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлэх, иргэдийн дуу хоолой болох үүрэгтэй гэж тодорхойлсон байна. Сэтгүүлчид төр, ард түмнийг холбосон гүүр болж, нийгмийг зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах хүч, нөлөөтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг ил тод хэлж, засаж залруулахад сэтгүүлчдийн оруулж буй хувь нэмрийг онцолжээ. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж тэмдэглэв.
Цаашид төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд сэтгүүлчид үнэлж баршгүй хувь нэмэр оруулахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон байна.
Тэрбээр Монгол эх оронд шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэдэд ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа сэтгүүлчдийн үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байхыг ерөөлөө.
