Дамбадаржаа дулааны станцын зуухны туршилтыг есдүгээр сард хийхээр төлөвлөв

2026-05-02 11:001min
20260502-110021-file.jpeg
Дамбадаржаа дэд төвд баригдаж буй 63 МВт хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьд хүрч, зуухны туршилт, тохируулгыг есдүгээр сард хийхээр төлөвлөжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж байна. Барилга угсралтын ажил одоогоор 50 хувьд хүрсэн байна.

Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээлснээр, уг станцын барилгын ажил нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2025 оны гуравдугаар сард эхэлсэн.

Дамбадаржаа дулааны станц нь үндсэн зуух болон 19 туслах барилга байгууламжаас бүрдэж байгаа бөгөөд 2025 онд бүх барилгын суурийг хийж дуусгасан байна. Энэ оны гуравдугаар сарын 15-наас барилгуудын металл хийцийг угсарч эхэлсэн бөгөөд одоогоор 75 машин тоноглол оруулж ирэхээс 43 машин нийлүүлэгдсэн байна.

Тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд Замын-Үүдээс 17 машин сэндвич тээвэрлэж байна. Тавдугаар сарын 15-нд зуухны барилгаас бусад барилгын сэндвичийг хийж дуусгах төлөвтэй байна.

Есдүгээр сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаж, зуухны туршилт, тохируулгын ажил хийгдэх юм.

Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын бүсэд дулаан хангамжийг нэмэгдүүлж, Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан нийлүүлэх бөгөөд станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.