Тавдугаар сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2026-05-02 10:001min
20260502-100023-file.jpeg
2026 оны тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах төлөвтэй байна. 03-07-ны өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэхийг Цаг уурын байгууллага мэдээлэв.

2026 оны тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

05-р сарын 03-07-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, мөн 5-нд баруун болон төвийн аймгуудын зарим газарт хур тунадас орох магадлалтай байна. 6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орж болзошгүй юм.

Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метрийн хурдтай ширүүсэж, шороон шуурга шуурна гэж урьдчилан мэдээлэв.

Агаарын температурын хувьд шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +12…+17 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байх төлөвтэй байна.

5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.