УИХ “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төслийг баталлаа

2026-05-01 16:001min
20260501-160021-file.jpeg
Улсын Их Хурал "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийг баталж, гадаадаас хүүтэй зээлсэн мөнгөний түгжээг тайлж, зарим томоохон төслүүдийн санхүүжилтийг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай болон бусад 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг парламент баталлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл уг хуулийн төслийг төсвийн алдагдлыг ихэсгэх тул эсэргүүцэж байсан бөгөөд зарим гишүүд ч мөн эсэргүүцэл илэрхийлсэн юм.

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд ээлжлэн завсарлага авч, сунжруулсан гурван төслийг төсвийн хуулиас гадуур явуулахыг эцэст нь чуулганаар дэмжсэн байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь уг хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд хувийн хэвшлийн эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Энэ байр суурийг Д.Энхтүвшин гишүүн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн ч олонхи гишүүд төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Уг хуулийн төслийг нэг удаа хэрэгжүүлэх замаар гадаадаас хүүтэй зээлсэн мөнгөний түгжээг тайлж, Сэлбэ дэд төв, газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.