Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр шийдвэр гаргав

2026-05-01 18:001min
20260501-180029-file.jpeg
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Монгол банк болон арилжааны банкуудтай уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх шийдвэрүүд гаргалаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Тус салбарт 2026 онд 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн ч эрэлт 9.2 дахин давж, 1053 аж ахуйн нэгжээс нийт 2.3 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн нь эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг хурцаар тавьж байна. Мөн салбарын үндсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдаж чадахгүй байгаа зэрэг хүндрэлүүд тулгамдаж байгааг уулзалтаар онцлов.

Уулзалтын үр дүнд дараах шийдвэрүүдийг гаргаж, хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхээр тогтов. Нэгд, зээлийн шалгуурыг тодорхой болгож, аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг холбогдох бүртгэл, мэдээллийн сантай тулган нарийвчлан шалгаж, зорилтот бус аж ахуйн нэгжүүдийг хасах. Хоёрт, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, жагсаалтыг ил тод зарлах. Гуравт, 500 сая төгрөгөөс дээш зээлд хяналтын гэрээ байгуулж, зээлийн зөв зарцуулалтыг хатуу хянах. Мөн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг оновчтой болгох талаар судалгаа хийхээр тохиров.

Эдгээр арга хэмжээний үр дүнд зээл зорилтот аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй хүрэх бөгөөд салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна.