Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулах хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 100,000 иргэн дэмжив

2026-04-29 18:001min
20260429-180014-file.jpeg
Хуульч О.Батхүү санаачилсан үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулах хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 100,000 иргэн дэмжиж, Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж байна.

Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулах хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдөл санаачилжээ. 2025 оны 8 дугаар сарын 18-нд явуулсан санал хураалтаар 100,000 иргэн уг санаачилгыг дэмжиж гарын үсэг зурсан байна.

Тэрбээр хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал, хувь хүн 200 сая төгрөгөөр орон сууц худалдсан тохиолдолд улсын төсөвт хоёр хувийн татвар буюу 4 сая төгрөг төлдөг зохицуулалттай.

Энэхүү татвар нь үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээр ногдуулагддаг тул шударга бус гэж үзэн өргөдлийг санаачилжээ. Одоогоор Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд орон сууцаа өмчлөөд 3-5 жил болсон иргэдээс энэ татварыг авахгүй байх Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.