Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Улсын Их Хуралд татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Төслийн гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулахад чиглэсэн бөгөөд нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрт хүртээх зорилготой юм.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгохоор тусгажээ.
Татварын шударга байдлыг хангах үүднээс үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум төгрөгөөр тогтоож, борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн зохицуулалтаар татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын албан татвараас чөлөөлөхөөр тусгалаа.
Татвар төлөгчдийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулахын тулд тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулах зохицуулалт орсон байна.
Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, татварын ачааллыг бууруулах зорилгоор жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлж, 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон өсгөжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар ногдуулах босгыг зургаан тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлэхээр заажээ.
НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон тогтоож, бизнес эрхлэгчдэд бизнесээ идэвхжүүлэх, тэлэх боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Татвар төлөгчдийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах зохицуулалт орсон байна.
Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах заалт тусгагдлаа.
