Нийслэлд стандарт бус хашаа, гараашийг буулгаж нийтийн эзэмшлийг чөлөөлж байна

2026-04-29 09:001min
20260429-090023-file.jpeg
Нийслэлийн Засаг даргын захирамжаар стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх арга хэмжээ үргэлжилж байна. Энэ онд зургаан дүүргийн 161 байршилд хашаа, долоон дүүргийн 34 байршилд гарааш буулгах төлөвлөгөөтэй.

Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж байна.

Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд нийт 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөлсөн байна.

“Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөлжээ. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна.

Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах бөгөөд өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, тоглоомын талбай, зогсоол зэрэг тохижилтыг хийж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөж байна.