Ногоон нуур орчмын тохижилтыг магадлалын дүгнэлт гарсны дараа эхлүүлнэ

2026-04-28 10:001min
20260428-100021-file.jpeg
Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа эхэлнэ. Төслийг нийслэлийн төсвөөр хоёр жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Нийт 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаярын мэдээлснээр, энэ онд нийслэлд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зориулалттай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг олон газарт байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ногоон нуур орчимд томоохон тохижилтын ажил эхлэх гэж байна.

Зураг төслийн ажил бүрэн дууссан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.

Мөн Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж байгаа бөгөөд эдгээр төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ногоон нуур орчмыг нийслэлийн төсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөв нь 16.5 тэрбум төгрөг байна. Харин Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг энэ онд 4.8 тэрбум төгрөгөөр тохижуулах ажлыг баталсан байна.