Гааль, Татвар, Хилийн боомтын захиргаанд албан даалгавар өглөө

Сангийн сайд З.Мэндсайхан 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Сангийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов. Уулзалтын үеэр Монгол Улсын 2026 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах, татварын орлогын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр Гааль, Татварын ерөнхий газар болон Хилийн боомтын захиргаанд арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өглөө.
Татварын өр төлбөр үүсэхээс сэргийлэх зорилгоор татварын ногдлыг хуульд заасан хугацаанд шуурхай барагдуулах, татвар төлөгчдийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөн туслах, өр төлбөр хуримтлагдах эрсдэлээс хамгаалах, урьдчилан мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулахыг даалгав. Мөн хуримтлагдсан татварын өр төлбөрийг барагдуулахыг сайжруулж, төрийн байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээдүүдийн өр төлбөрийг ажил үйлчилгээний хөлснөөс суутган тооцохыг чиглэл болгосон.
Экспортын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс, зэсийн баяжмалын экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тээврийн зохицуулалтыг оновчтой болгохыг даалгав.
Экспортын боомтууд дээрх гаалийн байцаагч нарыг 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалтыг хийх, гаалийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын цахим системийг холбож, гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарцын байгууламж, нүүрсний шинжилгээний лабораторийг Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Булган, Бичигт боомтод ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
