АТГ 50 сая төгрөгийн хахууль авсан гаалийн улсын байцаагчийг баривчиллаа

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл хийж, хахууль авсан байна.
Улмаар хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 50 сая төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
