Б.Жавхланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонгосон бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжсэн байна.
Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгохыг гишүүдийн 64.9 хувь дэмжжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн байна.
Хуралдааны үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн тул хуралдаан даргалагч уг хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгсөн юм.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
