Нийтийн албанд томилогдох 53 нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5900 гаруй хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимжуулан хянажээ. Тэдгээрээс 53 нэр дэвшигчид тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх дүгнэлтийг гаргаж, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн байна.
Илт ашиг сонирхлын зөрчилтэй нэр дэвшигчдийн ихэнх нь хөдөө орон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн хяналтын улсын байцаагч, Булган аймгийн Бугат сумын Ойн ангийн дарга, Ховд аймгийн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшигчид багтаж байна.
Илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй нийтлэг шалтгаан нь албан тушаалын шаардлагыг хангаагүй байх, шууд удирдлага дор хамаарал бүхий этгээд ажиллах, хуулийн этгээдийн удирдах бүтцэд бүртгэлтэй байх, авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэрэг асуудлууд юм.
Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг ил тод явуулах, удирдах албан тушаалтны ёс зүй, авлигын эсрэг манлайллыг дээшлүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, хяналт тавин ажиллаж байна.
