Дүүжин тээврийн тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана

Дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг 2025 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан.
Тус байгууллага нь нийслэлийн Засаг даргын харьяанд ажиллаж, зохион байгуулалтын хэлбэрийг шинэчлэх, дүрмийг шинэчлэх асуудлыг ирэх долоо хоногт НИТХ хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
“Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ нь дүүжин замын тээврийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах бөгөөд нийт 57 ажилтантай, гурван ээлжийн горимоор тасралтгүй ажиллах бүтэцтэй байх юм.
Өдөрт зорчигч тээвэрлэх үйлчилгээ, шөнийн цагаар засвар үйлчилгээ, техникийн хяналтыг хүний нөөцийн хуваарилалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Дүүжин тээвэр цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 37 мянга гаруй, жилд 13.5 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх тооцоо гарсан байна.
Тарифыг 3,000 төгрөгөөр тогтоовол 2030 оноос ашигтай ажиллах санхүү, эдийн засгийн тооцоог гаргасан гэж мэдэгдэв.
Нийслэлийн энэ оны төсвөөс “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны зардалд 2.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Франц улсын Засгийн газрын 40 жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин тээврийг явуулахаар “Пома” групп ажиллаж байна.
Тус дүүжин тээврийг энэ оны төгсгөлд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг мэдэгдсэн.
