Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд гэр бүлийн гурван гишүүний зөвшөөрөл шаардлагатай

2026-04-23 12:011min
20260423-120108-file.jpeg
Одоогоор 6,500 иргэн эд эс, эрхтний донор болох хүсэлтээ бүртгүүлсэн бөгөөд амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд гэр бүлийн гурван гишүүний зөвшөөрөл авах журамтай байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал эд эс, эрхтний донор болох хүсэлтэй иргэдийн бүртгэл болон танин мэдүүлэх кампанит ажлын талаар мэдээлэл авсан байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хэлснээр одоогоор 6,500 иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, үнэмлэхээ авсан байна. Амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд тухайн иргэн өөрөө хүсэлтээ гаргасан бол гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл шаардлагагүй юм.

Гэсэн хэдий ч амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд гэр бүлийнх нь багадаа гурван гишүүнээс бичгээр зөвшөөрөл авах журамтай байна.

Донор ба өвчтөний жагсаалтад байгаа иргэдийн эд эсийн нийцэл, өвчтөний биеийн байдал зэрэг олон үзүүлэлтээр үнэлгээ хийж, эд эс, эрхтнийг шилжүүлдэг аж. Гэвч жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь донор хүлээх хугацаандаа нас бардаг байна.

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгасан учир тусгайлан оруулаагүй бөгөөд амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд зөвхөн гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах зохицуулалт орсон байна.

Нэг амьгүй донороос найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой гэж ажлын хэсгийнхэн онцоллоо.