Орон нутгийн нөхөн сонгуулийн үеэр иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо

2026-04-23 10:001min
20260423-100035-file.jpeg
Орон нутгийн нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоож, нийслэлийн дүүрэг хоорондын шилжилт хэвийн үргэлжилнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээдэг.

Энэ дагуу өчигдөр 17:00 цагаас иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон байна. Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарласан бөгөөд энэ нь 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт орон нутгийн нөхөн сонгууль зохион байгуулагдахтай холбоотой юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хугацаанд зогсоосон бөгөөд нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ.

Орон нутгийн сонгуулийн дүн гарсны дараа E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй бөгөөд зөвхөн нийслэлд хэвийн ажиллах юм. Нөхөн сонгууль явагдахгүй аймаг, сумын шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандан шийдвэрлэнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.