Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зөрчил түгээмэл байна

2026-04-23 09:301min
20260423-093020-file.jpeg
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, цэвэрлэгээний ажлын явцад ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Иргэдийг ухамсартай байж, бүтээн байгуулалтад оролцохыг уриалж байна.

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, явган хүний замын засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, гадна орчны угаалга болон хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр хэлэхдээ, Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар есөн дүүрэгт хэрэгжиж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих комисс дүүргүүдэд ажиллаж байна гэж мэдэгдэв.

Шалгалтын явцад ногоон байгууламжийн арчилгаатай холбоотой нийтлэг зөрчил илэрч, холбогдох албаныхантай газар дээр нь шийдвэрлэж байгаа бөгөөд явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байрлуулах зөрчлийг арилгуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад анхаарч байна.

Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл гарч байгаа тул иргэн бүр ухамсартай байж, дүүргийнхээ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.