Монгол, Казахстан улс газрын тос, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр тал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Казахстан улс газрын тос болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгуулсан байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог бөгөөд нийлүүлэлтийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх боломжтой тул импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Талууд Казахстанаас дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судлах, мөн Казахстанын компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцсон байна. Мөн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр Казахстан Улсын туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
