“Чингис хаан банк” болон “Капитал банк”-ны хохирол нөхөн төлүүлэх шийдвэрийн хэрэгжилт

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичиг ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар “Чингис хаан банк” ХХК-аас 103.5 тэрбум төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/02419 дугаартай захирамжаар “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөгийг тус тус гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Эдгээр шийдвэрийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөх ёстойгоос 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 70.0 тэрбум төгрөгийг барагдуулжээ. Үлдэгдэл өр төлбөр 137.7 тэрбум төгрөг байгаа бөгөөд барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө оржээ.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш Нийгмийн даатгалын ерөнхий газар холбогдох хууль журмын дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байна.
