Нийслэлд олон удаагийн хулгай, залилан үйлдсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн олон удаагийн хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй) нь 2015 оноос 2022 оны хооронд нийслэлийн дүүргүүдийн гэр хорооллын эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, 68 удаагийн үйлдлээр цонх, хаалга эвдэн орж, эд зүйлс хулгайлсан байна. Ингэснээр нийт 229.9 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Мөн 2023 оноос 2025 оны хооронд цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар байршуулан, 12 удаагийн үйлдлээр иргэдийг хуурч мэхлэн нийт 681.5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Б.Ч нь дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг устгах, цагдаагийн алба хаагчид халдах, хүний биед хөнгөн хохирол учруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцэж, Б.Ч-г 6 төрлийн гэмт хэрэгт буруутай гэж үзэн нийт 12 жилийн хорих ял оноож, 911.5 сая төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ.
