Хомын талын байгалийн цогцолборт газарт тахийн анхны унага төрлөө

2026-04-22 16:301min
20260422-163037-file.jpeg
Завхан аймгийн Хомын талд өсгөн үржүүлж буй тахийн сүрэгт энэ оны анхны унага төрж, унага үрчлүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолборт газарт өсгөн үржүүлж буй тахийн сүрэгт энэ оны анхны унага төрлөө.

Анхны унага нь дөрөвдүгээр сарын 20-нд “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэг дэх “Сайга” гүүнээс төрсөн эр унага юм.

Өнгөрсөн 2025 онд мөн “Сарны гэрэл” сүргээс төрсөн анхны унага “Moonrider” нэртэйгээр бүртгэгдэж байжээ.

Хомын тал нь Монгол Улсад тахийг зэрлэг байгальд сэргээн нутагшуулж буй гурван гол бүс нутгийн нэг бөгөөд 2004 оноос Франц улстай хамтран уг ажлыг хэрэгжүүлж байна.

Одоогоор тус цогцолборт газарт 150 гаруй тахь нутагшиж байгаа бөгөөд тэдгээрийг нэртэйгээр нь, байршил болон сүргийн хөдөлгөөнийг байгаль хамгаалагчид, судлаачид тогтмол бүртгэн хянаж байна.

Тахийг сэргээн нутагшуулах, хамгаалах ажил ихээхэн хөрөнгө шаарддаг тул жил бүрийн хавар төрсөн унагануудаас сонгон нэр өгөх замаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх “унага үрчлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрт оролцогчид тодорхой хэмжээний мөнгөн хандив өргөж, унаганд нэр өгөх боломжтой бөгөөд унага дэлхийн тахийн удам зүйн мэдээллийн санд бүртгэгдэж, хувийн дугаартай болдог байна.

Мөн хандивлагчдад сертификат олгож, жилд хоёр удаа унаганы талаарх мэдээллийг хүргэдэг талаар Хомын талын байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Ц.Мөнхбат мэдээллээ.