Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт “Ялалтын хонх” хандивлалаа

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасгаар эмчлүүлж, эрүүл мэндээ сэргээсэн иргэн Б.Оюундарь болон түүний гэр бүл тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэн “Ялалтын хонх”-ыг хандивлалаа.
Иргэн Б.Оюундарь 2023 оны гуравдугаар сард хими, туяа эмчилгээний хүндрэлийн улмаас яаралтай хагалгаанд орж, хүнд байдалтай байсан ч тус эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт эмчлүүлжээ. Тус тасгийн эмч Үүрцайх, С.Солонго болон сувилагч нарын ур чадвар, сэтгэл зүтгэлийн ачаар тэрээр өвчнөө даван туулж, эрүүл мэндээ сэргээсэн байна.
Дэлхийн олон улсын хавдрын эмнэлгүүдэд өвчтөнүүд эмчилгээний эцсийн шатанд “Ялалтын хонх”-ыг цохиж баяр хөөр, итгэл найдвар илэрхийлдэг уламжлалтай. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасаг сүүлийн жилүүдэд удирдлага, зохион байгуулалт, эмч ажилчдын харилцаа, орчны нөхцөл сайжирсныг эмчлүүлэгчид онцолж байна.
Иргэн Б.Оюундарь “Энэхүү хонхны дуу хавдартай тэмцэж буй хүмүүст ‘би чадна’ гэсэн итгэлийг, эмч нарт минь ажлын урам зориг өгөөсэй” гэж хэлжээ.
Энэхүү үйл явдал нь өвчтөн, эмнэлгийн ажилтнуудын итгэлцэл, талархал дээр суурилсан эрүүл мэндийн салбарын нэгэн дулаан түүх болж байна.
