“Дүнжингарав-2026” хаврын морины уралдааны түрүү 20 сая төгрөгөөр шагнагдана

2026-04-22 08:001min
20260422-080029-file.jpeg
"Дүнжингарав-2026" хаврын хурдан морины уралдаан тавдугаар сарын 1-нд зохион байгуулагдах бөгөөд түрүү морь 20 сая төгрөгөөр шагнагдах юм. Уралдаан гурван насны ангиллаар явагдах бөгөөд аман хүзүүнд 10 сая төгрөг олгоно.

Монголын Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд болно. Уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны гурван ангиллаар явагдах бөгөөд түрүү морь 20 сая төгрөгөөр шагнагдана. Аман хүзүүнд 10 сая, айргийн морьдыг 4-8 сая төгрөгөөр урамшуулна. Мөн 6-10 дугаар байрт шалгарсан морьдыг 1 сая, 11-20 дугаар байрт орсон морьдыг 500 мянган төгрөгөөр шагнах юм.

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Засгийн газар дөрөв хүртэлх бүсэд хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Монголын Морин спорт, уяачдын холбооны 2026 оны нэгдүгээр сарын 13-ны хурлаар бүсийн уралдаануудыг орон нутагт зохион байгуулах саналыг хэлэлцэж, Засгийн газарт уламжлаад байна. Ингэснээр 2026 оны долдугаар сарын 24-26-нд тодорхой аймгуудад бүсийн хурдан морины уралдаанууд болох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч “Дүнжингарав-2026” хаврын уралдаан нь эдгээр бүсийн уралдааны зохион байгуулалтад хамаарахгүй гэж албаныхан мэдээлэв.