Монголд малын хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

Монгол Улс жилд 15 мянган тонн бордоог хоёр хөршөөс импортолдог. Гэтэл Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай “Protein Mongolia” ясны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
“Protein Mongolia” үйлдвэр нь ашиглагдаагүй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байна.
Өдөрт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг бөгөөд малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлсэн. Уг тос нь онгоцны дизель түлшний түүхий эд болж байна. Одоогоор 3000 тонн ясны тосыг БНСУ руу экспортлоод байна гэж үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулжээ.
Сайд Ц.Идэрбат малын гаралтай түүхий эдийг ашиглах, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох шаардлагатай гэж үзэж, “Protein Mongolia” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
“Protein Mongolia” үйлдвэр органик бордооны хажуугаар мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, “Түмэн шувуут”, НВЦ, “Баян” зэрэг томоохон шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. Тэжээлээ бэлэн мөнгөгүй үед зээлээр авдаг бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллаж байна. Мөн органик тэжээлээр тэжээмэл амьтдын хоол үйлдвэрлэх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэдтэй харилцдаг.
Итали технологийг нэвтрүүлсэн тус үйлдвэр нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэж, экспортод гаргах төлөвлөгөөтэй бөгөөд ясны тосны экспортын багтаамжийг 2500 тоннд хүргэх агуулахтай болсон байна.
Гэвч үйлдвэр төрийн хүнд суртал, олон зөвшөөрөл, бичиг баримтын дарамт зэрэг хүндрэлтэй тулгарч, хүчин чадлынхаа зөвхөн 30 хувиар ажиллаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, төрийн дэмжлэг сул байгааг онцолжээ. Мөн органик бордоог экспортлохын тулд эрүүл ахуй, халдвар хамгааллын баталгааг хангах шаардлагатай бөгөөд энэ талын мал эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үндэсний үйлдвэрлэгчдийг экспортлогч болгох, төрөөс татаас, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатайг хэлж, мах, ургамал, ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан гэдгийг мэдэгдэв.
Мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийг төр бодлогоор дэмжиж, “Protein Mongolia” ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн “Цагаан алт” хөтөлбөрт хамруулах боломжийг судална гэдгээ илэрхийлэв.
