ЦЕГ: Жилд бүртгэгддэг дуудлагын 70 хувь нь хуурамч байна

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Эдгээр дуудлагын ойролцоогоор 70 хувь нь хуурамч дуудлага байдаг гэж ЦЕГ-аас мэдээлжээ.
Засгийн газрын тогтоолын дагуу яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр төлөвлөж байна. Улсын хэмжээнд 112 дугаартай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг цаг алдалгүй хаанаас ч хүлээн авч, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга болон албан хаагчдад 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Мөн дуудлага хүлээн авах хурд, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, операторуудын ур чадвар, ёс зүйг сайжруулах, мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллахыг онцолжээ.
Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэж, дата анализ хийснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.
