Монгол Улс хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирна

Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах үүднээс Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Францын Бүгд Найрамдах Улсын Парис хотод ажиллалаа.
Ажлын хэсэг үлэг гүрвэлийн олдворуудын төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжуулсан байна. Мөн БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцжээ.
Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн “Гроспирон” компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс дэлхийн хаана ч байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгааг харуулж байна.
