ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгох, төсөл хүлээн авах хугацааг богиносголоо

2026-04-21 18:011min
20260421-180143-file.jpeg
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгох зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, сонгон шалгаруулалтыг 20 хоногт багтаан зохион байгуулах болсон байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Энэхүү зээл нь хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт чиглэсэн байна. Үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Мөн 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчдийн үндсэн төлбөрийн хугацааг 2 жилээр сунгаж 7 жил болгох боломжийг бий болголоо. Зөрчилтэй зээлдэгчид хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлөгдөж, зээлийн хугацааг 2 жилээр сунгах зохицуулалт орсон байна.

Жишээ нь, 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нэг аж ахуйн нэгжийн эргэн төлөх хугацааг 5 жилээс 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэхээр тооцогджээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлэх, ажлын байраа хадгалах нөхцлийг бүрдүүлнэ.

Тушаалаар аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт зээлийг хууль журмын дагуу түргэн шуурхай олгох, баримт бичгийн бүрдэл хангах, үнэлгээ хийх, барьцаа хөрөнгийн бичиг баримтыг бүрдүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг өгсөн байна.

Төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоногт багтаан зохион байгуулах бөгөөд зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээл олгохоор тогтов.

ЖДҮХС нь 2026 оны эхний сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195.7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар жилийн эргэн төлөлт 14.5 тэрбум төгрөгөөр буурах ч аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулснаар 4917 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ.