Туулын хурдны зам төслийн ажлыг байгаль орчны шаардлагад нийцүүлэн үргэлжлүүлэхээр болов

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар түр зогсоосон “Туулын хурдны зам” төслийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийсэн байна.
Уулзалтаар сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн байна. Тэрбээр аливаа бүтээн байгуулалт хуульд захирагдах ёстойг онцлон, байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг төр зогсооно гэдгийг мэдэгдэв.
Төслийн үйл ажиллагааг түр зогсоосон нь хуулийн хүрээнд хийгдсэн бөгөөд цаашид Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн хэрэгжүүлэх болно. Өмнө гарсан зөрчил арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулах арга хэмжээ авахыг сайд онцлов.
Мөн хяналт шалгалтыг сулруулахгүй, төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан хоёр жил тутам аудитын хяналт хийхээр төлөвлөжээ.
Сайд Ц.Сандаг-Очир Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын дагуу 2026 оны төлөвлөгөөг хянан баталсан талаар мэдээлэв.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үед эхлүүлсэн нь түр зогсоох үндэслэл болсон бөгөөд нийслэлийн удирдлагууд богино хугацаанд төлөвлөгөөг боловсруулж батлуулснаар ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдсэн байна.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журмын дагуу хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
