2026 оны эхний улиралд хууль бус ан агнуурын 165 зөрчил илэрчээ

2026 оны нэгдүгээр улиралд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтад нийт 700 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, хууль бус ан агнууртай холбоотой 165 зөрчил илэрсэн байна.
Эдгээр зөрчилд 25 төрлийн нийт 669 бодгаль амьтныг хууль бусаар агнасан нь тогтоогджээ. Тухайлбал, ойн зэрлэг гахай, цагаан зээр, шилүүс, мануул, чоно, үнэг, хярс зэрэг ан амьтад, мөн шивэр хадран, цурхай, сугас зэрэг загас багтсан байна. Мөн эдгээр амьтдын эд эрхтнийг хууль бусаар худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчил түгээмэл гарчээ.
Зөрчил гаргасан 165 иргэнд нийт 48 сая төгрөгийн торгууль, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Холбогдох байгууллагууд иргэдэд дараах зөвлөмжийг өгчээ: ан хийхдээ заавал зөвшөөрөл авах, хориглосон хугацаа болон амьтдын үржлийн үеийг баримтлах, ан амьтны гаралтай бүтээгдэхүүн авахдаа бичиг баримтыг шалгах, хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мөн хүүхэд, залууст байгаль хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх хэрэгтэй гэжээ.
Иргэн бүр байгаль дэлхий, зэрлэг амьтдыг хамгаалах хариуцлагатай байх нь нийтлэг үүрэг юм.
