Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстанд төрийн айлчлал хийнэ

2026-04-17 14:301min
20260417-143030-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа хийх төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Хэлэлцээрт өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл” харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улсын болон бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлууд багтана.

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна. Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотод “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо анх удаа толилуулах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотод болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүрснээ тунхагласан бөгөөд Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны Стратегийн түнш орон болжээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийсэн түүхтэй.