Я.Содбаатар Лос Анжелес-2028 олимпын багийг ахална

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Олимпик хаус”-т анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр товлон баталсан байна.
Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлжээ.
Тус хурлаар “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилсон байна.
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнгөрсөн сард болж, Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм. Харин Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар 93 хүний саналаар гүйцэтгэх зөвлөлд багтсан билээ.
