Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026 оны эхний улиралд ашигтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.
2026 оны эхний улиралд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 62.3 хувиар өссөн бол импорт 2.7 хувиар буурсан байна. Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмалын экспорт 1.3 тэрбум ам.доллар буюу үнийн дүнгээр 2.4 дахин, нүүрсний экспорт 453.7 сая ам.доллар буюу 33.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 91.24 төгрөгөөр суларч, 3566.62 төгрөг болсон байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
