Энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан Дорнод аймаг Чойбалсан хотын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээг наймдугаар сарын 4-нд зохион байгуулж “Дорнын сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолт хийхээр боллоо.
Орон нутагт симфони найрал хөгжимтэй ганц театр гэгддэг Дорнодын Хөгжимт драмын театр тоглолтынхоо үеэр дотоод, гадаадын шилдэг уран бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бөгөөд анх удаа задгай талбайд тоглох учир хөгжмийн дугаралт, техникийн асуудалд онцгой анхаарал хандуулж байна.
“Дорнын сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолтыг энэ оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 4-нд Хэрлэн голын хөвөөнөө “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэжээ.