Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитагийн тушаалаар тус улсад хоёр гэмт хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэжээ. Цаазаар авахуулсан хүмүүсийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байна гэж Японы олон нийтийн телевиз мэдээлсэн байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн одоогийн Засгийн газрын үед 38 дахь цаазын ялыг гүйцэтгэжээ. Өнгөрсөн онд хэт давруу үзэлт “Аум Синрикё” шашны бүлэглэлийн 13 гишүүн болон уг бүлэглэлийг үүсгэн байгуулагч болох Сёко Асахара нэрээрээ зартай Тизуо Мацумото зэрэг толгойлогчдыг цаазаар авсан байна. Тэднийг 1995 оны гуравдугаар сард Токиогийн метронд хийгээр хүмүүсийг хордуулж, 13 хүн амийг хөнөөсөн халдлага зэрэг цуврал аллагыг зохион байгуулсан хэргээр цаазалжээ.
Японы Өмгөөлөгчдийн холбооноос тус улсад цаазаар авах ялыг халж, бүх насаар нь хорих ялаар солихыг шаарддаг байна. Японд ялын дээд хэмжээг зөвхөн Хууль зүйн сайд нь бичгээр тушаал өгсний дараа гүйцэтгэдэг аж.