Японд парламентын сонгууль өнгөрсөн сард болсон билээ. Тус сонгуулиар анх удаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн парламентын гишүүнээр сонгогдсон юм. Ясүхико Фүнаго, Эйко Кимүра нар өчигдөр /2019.08.01/ парламентын дээд танхимын анхны чуулгандаа ирж сууцгаасан байна. Асрагч нарынхаа тусламжтай парламентын танхимд орж ирсэн тэргэнцэртэй хоёр гишүүнийг бүгд халуун дотноор хүлээн авчээ.

Япон улсад 9,63 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг байна. Тэдний нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэхэд Фүнаго, Кимүра нарын оролцоо чухал гэдгийг онцолжээ. Гэхдээ энэ нь Японы парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн сонгогдсон явдал биш юм.

Японы парламентын зүгээс тэдний асрагч нарын цалинг төлж, чуулганы танхимын хоёр суудлыг тэргэнцэртэй хүн сууж болохоор болгож өөрчлөн засварлаж, парламентын ордны үүд, шат зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чөлөөтэй байхаар өөрчилсөн байна. Энэ бүхэнд нийт 880,000 иений зардал гарчээ.

Өдгөө 61 настай Фүнаго нь 2000 онд “ALS” хэмээх мэдрэлийн өвчин тусч булчингууд нь ажиллахаа больж, хөдөлж, ярьж чадахаа больсон байна. Асрагчтайгаа харьцахдаа нүдээ хөдөлгөж ойлголцдог. Мөн амны хөдөлгөөнөөрөө компьютер удирдаж санаагаа бусдад ойлгуулдаг байна. Харин 54 настай Кимүрагийн хувьд баруун гараас бусад хүзүүнээс доош бүх бие нь мэдээгүй ажээ.

Эх сурвалж:BBC

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн