“Алс газар сурахаар одогсод: 100” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдэнэ

Монгол сурагч, оюутнуудын Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Алс газар сурахаар одогсод: 100” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-ны 11:40 цагт нээлтээ хийнэ.
1926 онд Герман улсад 30 эрэгтэй, 5 эмэгтэй хүүхдийг суралцуулж эхэлсэн бөгөөд мөн онд Франц улсад 5 хүүхдийг суралцуулсан түүхтэй. Тэдгээр суралцагчид эзэмшсэн мэргэжил, эрдэм номоо эх орныхоо хөгжилд зориулсан байна. Мөн тухайн жилүүдэд мэргэжилтэн бэлтгэх зорилгоор илгээсэн оюутнуудын дунд их зохиолч Д.Нацагдож, Д.Пагмадулам нар багтаж байжээ.
Үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Архивын ерөнхий газар, Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий тусгай архив, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм.
