2026 онд 5000 өрхийг “Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”т хамруулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн “Сайн туршлага хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны тогтоолуудаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төрлийн хөтөлбөрүүдийг баталсан бөгөөд үүнд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр” багтсан байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна иргэдэд зах зээлд хөлөө олоход нь арга зүйн туслалцаа үзүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлов.
Тэрбээр 2026 онд ядуурлыг бууруулах зорилгоор 5000 өрхийг “Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-т хамруулж, халамжаас хөдөлмөрт шилжих бодит алхмуудыг хийхээр зорьж байгааг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан бодлогын хэрэгжилтийг танилцуулж, МУИС-ийн доктор Н.Өлзийжаргал бичил бизнесийг технологид суурилан хөгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгсөн байна.
Мөн 9 дүүргийн 90 гаруй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, бизнесийн сорилт болон амжилтаа танилцуулжээ.
