Өмнөговьд хугацаат цэрэг сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2026-03-29 12:171min
20260329-121745-file.jpeg
Өмнөговь аймагт хугацаат цэрэг сураггүй алга болсон бөгөөд эрлийн баг олон төрлийн техник хэрэгсэл ашиглан эрэн хайх ажиллагаа явуулж байна. Түүнийг төөрсөн эсвэл осолдсон байж болзошгүй гэж үзэж байна.

Өмнөговь аймагт энэ сарын 25-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан нэгэн цэрэг сураггүй алга болсон хэрэг гарчээ. Тэрбээр 3-р сарын 25-нд 6-7 км зайтай бэлчиж байсан тэмээн сүргийг хураахаар мотоциклтой явсан бөгөөд эргэж ирээгүй байна. Суурийн ахлагч араас нь хайсан боловч олж чадаагүй тул цэргийн ангиас эрлийн баг гаргасан ч үр дүн гараагүй байна.

Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэний дараа өнөөдрийн байдлаар 17 бүлгийн 82 хүн, 12 машин, 17 мотоцикл, 6 дрон, 1 нисдэг тэргээр эрэл хайгуул хийж байна. Эрэлд Баян-Овоо, Номгон сумдын Засаг даргын тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалахад туслах бүлэг зэрэг холбогдох байгууллагууд оролцож байгаа юм.

Эрэл явагдаж буй газар нь хад асга, дов сондуул ихтэй, заган ойтой бүс нутаг юм. Мөн эрэлд тухайн цэргийн ар гэрийнхэн болон сумдын иргэд сайн дураар оролцож байна. Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа У.Пүрэвсүрэнгийн мэдээлснээр, алга болсон цэрэг алба хаах хугацаандаа ёс зүй, сахилга батын доголдолгүй, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан аж. Түүнийг төөрсөн эсвэл осолдсон байж болзошгүй гэж үзэж байна.