Бортээгийн ордод хөрөнгө оруулалтын саналыг нээлттэй хүлээн авчээ

2026-03-29 10:301min
20260329-103022-file.jpeg
Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад зориулан хөрөнгө оруулалтын саналыг олон улсад нээлттэй зарлаж, 7 аж ахуйн нэгжээс 500 саяас 1 тэрбум ам.долларын саналууд ирүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор олон улсад нээлттэй зарлал гаргасан байна.

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг тухайн өдрийн 14:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулжээ.

Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд тэд 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг өгсөн байна.

Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас багагүй байлгах шаардлагыг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлжээ.

Хөрөнгө оруулагчдын материалыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгаруулж, 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.

Засгийн газар төсөл хэрэгжүүлэх хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж, санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг сонгохоор ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын байр суурь нь Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас багагүй байлгах бөгөөд зөвхөн хамгийн ашигтай хувилбарыг сонгох явдал юм.