“Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол ус ашиглуулахгүй байх асуудлыг судална

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгсөнөөс хойш зургаан хоног өнгөрч байна.
Усны газрын дарга З.Батбаяр 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхий сайдад мэдээлэл өгсөн бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийх хүсэлтээ Усны газарт албан бичгээр ирүүлсэн талаар мэдээлэв.
Усны газар усны аудитын ажлын даалгаварт саналаа тусгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ус бохирдуулсны төлбөр авах асуудлаар тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой ахиц гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” ХХК нь ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс бус 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, нөхөн авах ёстой гэсэн байр сууриа хатуу баримталж байна.
Түүнчлэн, ус бохирдуулсны төлбөрийг төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг Усны газарт судалж танилцуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн байна.
Олон улсын нийтлэг зарчимд ус бохирдуулсан нь төлөгч байх ёстой бөгөөд хамгийн их ус ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал чухал гэж Ерөнхий сайд онцлов.
Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлийн дагуу ус бол төрийн нийтийн өмч бөгөөд усны асуудал хариуцсан төрийн байгууллага ус ашиглуулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр мэдэгдэв.
