Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 оны гуравдугаар сарын 22-нд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, дүүргийн удирдлага болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын төсөл, арга хэмжээний зураг төсвийг баталгаажуулах ажлыг яаралтай дуусгаж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан барилга угсралтын ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгав.
Дулааны станцын шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх, дулааны үнийн зөрүүг шийдвэрлэх цогц шийдлийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
Мөн Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр эмнэлгийн барилгыг барьж байгуулах асуудлыг судлан шийдвэрлэхээр болов.
Түүнчлэн Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг татварын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн тааламжтай нөхцөл бүхий “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт саадгүй, бодитой хэрэгжүүлэх эрхийг олгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
