Хоёрдугаар сард 12 улсын 87 гадаад иргэнийг албадан гаргав

2026-03-24 12:001min
20260324-120020-file.jpeg
Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард хяналт шалгалтаар 12 улсын 87 гадаад иргэнийг оршин суух журам зөрчсөн үндэслэлээр албадан гаргажээ.

Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард төлөвлөгөөт тав, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтаар 36 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, 124 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Эдгээр шалгалтаар зөрчил илэрсэн 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), дөрвөн уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, таван аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан, Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, визийн хугацаа хэтэрсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргасан байна.

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгод нийцээгүй ангиллын визтэй ирсэн, Монголд байх, буцах хөрөнгийн эх үүсвэр баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг шалтгаанаар гадаадын 65 иргэнийг хилээр оруулахгүй буцааж, гурван иргэнийг хилээр гаргахгүй буцаасан тухай мэдээлэл байна.