Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт эрүүл мэнд, дэд бүтцийн асуудлаар ажиллав

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 22-нд Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тэрбээр эхлээд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцсан байна. Тус төв нь дүүргийн 42 мянган хүн амд амбулатори, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж, эх барих, хүүхдийн тусламж зэрэг эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. Барилгууд нь 1954-1987 онд баригдсан бөгөөд зарим барилгад мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрладаг тул осол гэмтлийн шалтгаант тусламжийн ачаалал өндөр байгаа аж. Дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Налайх дүүргийн хүн амын хэрэгцээнд нийцсэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон юм.
Дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдвэрлэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон гурван зуухтай бөгөөд хүчин чадал нь 46.2 Гкал/ц байгаа ч одоогийн хэрэглээ 48.6 Гкал/ц-д хүрсэн бөгөөд шинээр хүлээгдэж буй хэрэглээ 11.9 Гкал/ц байна. Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, дулааны станцын өргөтгөл, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгдсэн байна. 2026 оны улсын төсөвт Налайх дүүргийн дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөлд 55.7 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан байна.
Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой гэж дүүргийн удирдлагууд мэдээллээ. Ерөнхий сайд дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд санаачилгатай хамтран ажиллахыг уриалсан байна.
