Гадаадын иргэдийн оршин суух, визийн зөрчилд хяналт шалгалт хийв

2026-03-23 14:001min
20260323-140031-file.jpeg
Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны хоёрдугаар сард 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн иргэдэд торгууль ногдуулж, 87 иргэнийг албадан гаргасан байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны хоёрдугаар сард төлөвлөгөөт 5, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамрууллаа.

Шалгалтын үр дүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), мөн 4 уригч иргэнд торгох шийтгэл оногдуулж, 5 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргасан байна.

Түүнчлэн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, визийн хүчинтэй хугацаа дууссан, мөн тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй гэх үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж, 3 иргэнийг хилээр гаргалгүй буцаасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://opendata.gov.mn/data/2712253 хаягаар үзэх боломжтой.