Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайд байх хугацаандаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, 150 ортой шинэ эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.
Өмнөх эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, агааржуулалтын системгүй, тоног төхөөрөмж хуучирсан, хагалгааны ганцхан өрөөтэй байсан нь яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудыг хойшлуулах шалтгаан болдог байжээ.
Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өнөөдөр 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа. Ингэснээр иргэд орон нутагтаа эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг авах боломжтой болж, үе солих болон хавдрын мэс засал зэрэг эмчилгээний шалтгаанаар Улаанбаатар хотыг зорих шаардлага багасч байна гэж Ерөнхийлөгч тэмдэглэв.
Шинэ Нэгдсэн эмнэлэг нь агааржуулалтын нэгдсэн системтэй, вакуумжуулсан хагалгааны өрөөнүүдтэй болсон нь яаралтай болон төлөвлөгөөт хагалгааг зэрэг хийж, эмнэлгийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Ерөнхийлөгч эмнэлгийн удирдлага, ажилтнууд болон бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Морин сувд констракшн” компанид ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарах болно гэв.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортой “Докторын эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй бөгөөд одоогоор 447 ортой, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус аймагт төр, хувийн хэвшлийн 130 эрүүл мэндийн байгууллагад 1,700 гаруй хүн ажиллаж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.
