Баялгийн сангийн хөрөнгөөр эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх боломжтойг Сангийн сайд хэлэв

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ 2025 оны дөрөвдүгээр улирал болон 2026 оны нэгдүгээр улиралд төсвийн орлого буурч, зарим өдрүүдэд санхүүжилт тасалдах хүндрэл үүссэн талаар онцлов. Гэвч Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, гуравдугаар сар гарснаар нөхцөл байдал сайжирсан гэв. Энэ хугацаанд хатуу хэмнэлтийн горимд шилжиж, зарим зардлыг он дамжуулан эрэмбэлэн, нэн шаардлагатай ажлуудыг эхлээд санхүүжүүлэх бодлого баримталсан нь санхүүжилтийн хэвийн үргэлжлэлд нөлөөлсөн байна.
Тэрбээр хаврын чуулганаар төсөв, эдийн засагтай холбоотой олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатайг дурдав. Сангийн яамнаас 2-3 жилийн турш боловсруулсан татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэхэд бэлэн болсон бөгөөд энэ хуулийг хаврын чуулганаар баталж амжихгүй бол 2027 оноос хэрэгжих боломжгүй болохыг онцоллоо. Учир нь 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ чуулганаар хэлэлцэхийн өмнө татварын багц хуулийг баталсан байх шаардлагатай юм.
Эрчим хүчний салбарын тарифын асуудал олон жил хуримтлагдсан хүндрэл болсон бөгөөд тарифыг удаан хугацаанд барьснаас салбарын санхүүгийн байдал хүндэрч, доголдол үүсэх эрсдэл нэмэгдсэн гэжээ. Энэ өвөл эрчим хүчний салбарт тодорхой зогсолт, гэмтэл гарсан нь 20-30 жилийн турш хуримтлагдсан бүтэц, бодлогын алдаатай холбоотойг тэмдэглэв. Засгийн газраас төсвийн тодотгол хийх эсвэл одоогийн зардлын хүрээнд зохицуулалт хийх хувилбаруудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн байгааг мэдээлэв.
Тэрбээр жил бүр хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг төсөвлөж, жил тутам 50-70 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг дурдсан бол эрчим хүчний салбарт шаардлагатай санхүүжилтийг ойролцоогоор 1.2 их наяд төгрөг гэж тооцоолсон байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоогоор 591 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай байгаа бөгөөд үүнийг Баялгийн сангийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж байгааг онцлов.
Сүүлийн хоёр жил төсвийн зардлыг ихээхэн танасан ч цаашид дахин таналт хийх нь Засгийн газар болон яамдын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Баялгийн санг ашиглан суурь асуудлуудаа шийдэхээс өөр аргагүй гэж мэдэгдэв.
