Х.Баттөмөр 93 кг-ын жинд 262.5 кг өргөж дээд амжилт тогтоов

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн 11 дэх классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин оролцож байна.
Тэмцээний мастер-2 ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубын тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөж, тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.
Х.Баттөмөр нь Дэлхийн аваргын хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд 13 удаа түрүүлсэн туршлагатай тамирчин юм.
